С. Дулам “Хүмүүн бичиг” шүлэг


         1. Тэнгэр газар 2-ыг учруулж
Намираа хур орох мэт
Тэнүүн уйтгар 2-ыг учирлаж
Морин хуур дарах мэт
          2.  Тэлмэн жороогийн удгал
Монгол бичгээрээ бичдэгсэн
Титэм, шүд, нуруу, шилбэтэй
Тэр чигээрээ хүн бичиг минь
3. Харанхуй шөнийн цахилгаан цахихад
Хаялга цацлага нь зуралзах шиг болдог
Хаврын униар цас ханзрахад
Хархан бийрээр таталгах шиг болдог
4. Халуун хошуут малын данс шиг
Халзан цагаан сүрэг минь бэлчдэг
Хөлгөн судрын мэргэн гарчиг шиг
Хөндлөн хөх уулс нь бидэртдэг
5. Удам залгасан нутгийнхаа хаанаас ч
Төр улсынхаа тамганд сийлээстэй
Түмэн газрын хэрэмнээс ч дуулиантай
Түвшин мэргэдийн өвөрт хуйлаастай
6.  Түүх бүтээлцэж явсан бичиг минь
Арвис эрдмийн ариун дээжийг
Арван ухааны номонд ботилж
Есөн эрдэнээр хувилган гэрэлтсэн
Ер бишийн хувь тавилантай
7.  Нумын хөвч шиг бичиг минь үгүй бол
Нууц товчоогоо юугаар бичих вэ?
Гэрэлт хөшөөгөө юугаар сийлэх вэ?
Гэсэр,  Жангар аа юугаар хайлах вэ?
8. Мянган настай бичиг минь үгүй бол
Мяндсан баринтаг номуудаа яах вэ?
Мяралзан өнгөрөх олон зуунаар
Марталгүй ирсний учир юу вэ?
9.  Өлмий дээрээ гишгэсэн хүн шиг
Өөдөө уруугаа тэшсэн бичиг минь
Ач үрсдээ ад үзэгдэх
Адал заяаг амссан бичиг минь
10. Догшин өвгөдийн түүхийг хайлсандаа
Дорнын өв соёлыг хадгалсандаа
Долоон бурхны домгийг хямгадсандаа
Дордож буурсан, доройтож буруутсан
11.  Галын дөлөнд хөдөс шиг хунирч
Гар сарвалзуулан шатаж байхдаа ч
Ганц хоёроороо үлдсэн тасархай нь
Гадаа хөдөө хийсч байхдаа ч
12.  Өлгийтэй хойчдоо золгох сон гэхдээ
Өлөн дэрний унгитай ороолдож
Өндөрхөн жалганд тогтох сон гэхдээ
Өргөст хамхуултай өнхөрч явсан
13. Түүхээ өмөөрөх зөн совингийн
Түйрэн болгосон хэдэн хүн минь
Түймрийн өмнө ухаан нь хүчгүй
Түүдэг болгосон хэдэн ном минь
14.  Худал хэлдэггүй утга нь шударгуу
Хулсан үзэг шиг дүрс нь шударгуу
Хуучин гэдэг хоч нь л хуучирснаас
Хувь заяа нь огтхон ч хуучраагүй
15. Үсэг болгон нь эрдэнийн шинжтэй
Үе болгон нь эрдмийн шимтэй
Соёл мандлын буурал тэргүүн
Соёмбын өвөг таныгаа яах вэ?    2017.10.15

Comments

Popular posts from this blog

Хөхөө шувууны үлгэр

Шууз хийх